Б.УРАНЧИМЭГТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР
2023-10-06 Админ Хандсан тоо: 191 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2023.01.04 2023/ШЦТ/35

Тоймын дугаар, огноо: 2023 он 04 сарын 28-ны өдөр, шийдвэрийн тойм: дугаар 05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нийслэлийн прокурорын газраас Б.Уранчимэгийг дүүргийн 1 дүгээр прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Дагваням 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан” гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн, эрүүгийн дугаартай “2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарч бусдын эд хөрөнгө устгасан” гэх хэрэгт 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Т.Мөнхцацаралыг “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан дуусгаж, 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Хэргийг прокурорт шилжүүлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоол гарган 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд туслах прокурор Ж.Сандагсүрэнгийн “х/п Уранчимэг шийдвэрлэе” гэсэн цохолтоор өөрийн хяналтад хүлээн авсан,

2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэргийн хяналтын болон яллах дүгнэлт үйлдэх нийт 52 хоногийн хугацааг дуусган 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэлд дугаар авч яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн гэсэн төлөвтэй худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг бүртгэн оруулсан, 

2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэсэн худал мэдээллийг цахим бүртгэлд бүртгэсэн, мөн өдрөө Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн дугаартай хэргээс тусгаарласан “Аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөнөөс их хэмжээний хохирол учирсан” гэх яллагдагч Ш.Оюунсогоод холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг нэгтгэсэн мэт худал мэдээлэл оруулан бүртгэж, Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж,

Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаас хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулан Т.Мөнхцацралд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон,

Чингэлтэй дүүргийн прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор ажиллаж байхдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Золжаргал “Татвар төлөхөөс зайлсхийх” гэх хэрэг бүртгэлийн дугаартай “ХБЭК” ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 121 ширхэг НӨАТ-ийн падаан хий бичилт хийж 4,602,382,364.54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тухай мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулж, хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлтийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивд архивын нэгж болгож өгөлгүй устгасан,

Мөн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэлсэгч Д.Бүүвэйбаатар нь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх” гэх хэргийн яллагдагч С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх олон үйлдэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай гаргасан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Б.Уранчимэг нь цохолтоор хяналтдаа хүлээн авч,

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн дугаартай хэргээс яллагдагч С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг тусгаарласан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн,

Тусгаарласан С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн эд зүйлийг хулгайлсан гэх хэргийн нотлох баримтуудыг эх хувь болон хуулбар хувийг авч хэргийн материал тусгаарлаагүй, тус хэрэгт ямар нэг прокурорын шийдвэр гаргаагүй, хэргийн материалыг мөрдөх байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлэлгүй, Прокурорын байгууллагын нэгдсэн цахим системд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдсэн мэт худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг оруулан С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, С.Мягмарбаатарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэх үйлдэлд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцсэн. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Уранчимэгт холбогдох “Нарантуул-2” худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарч бусдын эд хөрөнгө устгасан” гэх хэрэгт 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Т.Мөнхцацаралыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан дуусгаж, 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Хэргийг прокурорт шилжүүлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоол гарган 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд туслах прокурор Ж.Сандагсүрэнгийн “х/п Уранчимэг шийдвэрлэе” гэсэн цохолтоор өөрийн хяналтад хүлээн авсан,

2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэргийн хяналтын болон яллах дүгнэлт үйлдэх нийт 52 хоногийн хугацааг дуусган 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэл, мониторингийн системд 60 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн гэсэн төлөвтэй худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг бүртгэн оруулсан, 

2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 39 дугаартай тогтоолоор яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэсэн худал мэдээллийг цахим бүртгэлд бүртгэсэн, мөн өдрөө Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргээс тусгаарласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан яллагдагч Ш.Оюунсогоод холбогдох эрүүгийн 201525001720 дугаартай хэрэгт Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг нэгтгэсэн мэт худал мэдээлэл оруулан бүртгэж, Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж,

Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаас хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулан Т.Мөнхцацралд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон гэх үйлдэл нь тогтоогдоогүй байх тул дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Б.Уранчимэгийг үргэлжилсэн үйлдлээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн. 

Шүүгдэгч Б.Уранчимэгийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан тул хэргийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн болно. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд