ЭД ХӨРӨНГИЙН ҮНИЙГ БҮРЭН ТӨЛӨӨГҮЙ НЬ ТҮҮНИЙ БУРУУГААС БОЛООГҮЙ БОЛ ӨМЧЛӨГЧӨӨР ТОГТООЛГОХООР ШААРДАХАД СААД БОЛОХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 192 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022 оны 03 сарын 04 өдрийн 183/ШШ2022/00524

Тоймын дугаар, огноо: 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, Шийдвэрийн хураангуй 03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шүүгчийн захирамжийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу

Агуулга: Нэхэмжлэгч Наран нь хариуцагч Тулгад холбогдуулан түүнээс худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг Тулгад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Тулга нь, нэхэмжлэгч худалдан авсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад, Нарантай гэрээ байгуулах үед тухайн орон сууц банкны зээлийн барьцаанд байсан. Зээлийн барьцаанд байсан байрыг банкнаас зөвшөөрөл авалгүй худалдсан тул бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж  нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан.   

Иргэний хуулиар худалдан авагч тал нь авсан эд хөрөнгийнхөө үнийг худалдагч талд төлөх, худалдагч тал нь ямар нэг доголдолгүй эд хөрөнгийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ болон гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс үзэхэд, хариуцагч Тулгын хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Наран үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулсан нь  тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч уг 14 000 000 төгрөгийг хариуцагчид төлмөгц Тулга орон сууцыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Нарангийн нэр дээр шилжүүлэх үүрэгтэй гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

Мөн, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл авсан этгээд зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө худалдахаар бусадтай гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээ хүчин төгөлдөр байх эсэх нь барьцаалагчийн зөвшөөрлөөс хамаарахгүй гэж  дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/110376?daterange=2022-03-04%20-%202022-03-04&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг