ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР ХУУЛЬ БУС БОЛОХ НЬ ТОГТООГДСОН ТОХИОЛДОЛД ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТУХАЙН АЛБАН ТУШААЛТНААС НЭХЭМЖЛЭХ БОЛОМЖТОЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 174 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00614
Тоймын дугаар, огноо: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн төлөв: 2022.10.19 Шийдвэрийн хураангуй 05
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Албан тушаалтан Амар нь ажилтан Д-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг Д эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, захиргааны хэргийн шүүхээс Д-г ажлаас чөлөөлсөн тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол уг тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх үед Амар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, түүний дараа уг албан тушаалд томилогдсон албан тушаалтан Д-г ажилд томилсон тушаал гаргажээ.
Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн хууль зөрчиж гаргасан шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байна.
Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалтан Амарт холбогдуулан “хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохиролд ...төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргав.
Хариуцагч Амараас “… миний гаргасан тушаалыг хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй тул миний гаргасан тушаалаар төрд хохирол учирсан гэж үзэхгүй” гэж маргажээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, захиргааны хэргийн шүүхээс захиргааны албан тушаалтан Амарын гаргасан тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн, түүнчлэн, Амар нь ажлаасаа чөлөөлөгдсөнөөр шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргах боломжгүй болсон, түүний дараа томилогдсон этгээд Д-г ажилд томилсон нь Амарын гаргасан тушаалыг “хууль бус” байсан гэж шүүх дүгнэх боломжгүй гэж үзсэн байна.
Иймд, Д-г үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус шийдвэр болохыг тогтоосон баримтгүй, түүнчлэн уг шийдвэрийн улмаас төрд хохирол учруулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/113085?daterange=2022-01-01%20-%202022-10-19&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал