ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА УДААШРАХАД ХАРИУЦАГЧ БУРУУГҮЙ ТОХИОЛДОЛД МӨНГӨН ТӨЛБӨРИЙН НЭМЭГДҮҮЛСЭН ШААРДЛАГЫГ ХАНГАХГҮЙ
2023-12-06 Админ Хандсан тоо: 273 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2022/01999 дугаар магадлал
Тоймын огноо, дугаар: 2023.03.15, №05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Банк нь иргэн А-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 37,456,312 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж, харин иргэн Б нь А-ийн Банктай байгуулсан “барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг өөрийн нэр шилжүүлэхийг даалгах” шаардлагыг тус тус гаргажээ. Хэрэгт авагдсан баримтуудаар, иргэн А нь нэхэмжлэгч Банкнаас 23,000,000 төгрөгийн зээл авахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн А-ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдсон.
Анхан шатны шүүх иргэн А-аас 37,456,312 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Банканд олгож, Банк болон иргэн А-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч А-д даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч А уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, зээлийн гэрээний үүрэгт 29,909,888 төгрөгийг А-аас гаргуулж Банканд олгож, харин нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан явдалд хариуцагч А-ийн буруутай үйлдэл байхгүй тул түүнийг санаатайгаар хугацаа хэтрүүлсэн гэж дүгнээгүй болно. Иргэн Б-ийн шаардлагын хувьд, анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/25834?daterange=2020-01-01%20-%202023-03-01&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан