ХАРИУЦАГЧИЙГ СОЛИХ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 176 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 183/ШЗ2022/09456

Тоймын дугаар, огноо: 2022.10.20 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: “А” ХХК-иас “Б” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчид гардуулжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс “уг маргаанд манай компани хамааралгүй тул хариуцагч биш” гэж марган, хариуцагчаар иргэн Саруулыг оролцуулах хүсэлтийг гаргасан, “А” ХХК нь уг хүсэлтийн дагуу хариуцагчийг солихыг зөвшөөрөхгүй гэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаа тодорхойлдог бөгөөд хариуцагчийг солих, хамтран хариуцагч оролцуулах эрх нь зөвхөн нэхэмжлэгчид байдаг.

Гэтэл нэхэмжлэгч “А” ХХК-иас хариуцагчийг солих хүсэлтийг гаргаагүй, мөн хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй тул шүүхээс хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан “хариуцагчаар иргэн Саруулыг оролцуулах” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал