ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ХЭЛЦЛИЙН ДАГУУ АЛДАНГИ ШААРДАХ ЭРХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 184 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Дугаар 183/ШШ2022/00416

Тоймын дугаар, огноо: 2022.10.31

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Дашаас шүүхэд хандан, “иргэн Амараас түрээсийн төлбөр, алдангийн хамт гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөх ёстой” гэж, хариуцагч Амараас “… түрээсийн байрыг өөрийн хөрөнгөөр тохижуулсан байхад түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учраас алданги төлөхгүй” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, Даш, Амар нар нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ байгуулсан боловч, уг гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй бол уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт талууд уг хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхөөр тус тус заажээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх Даш, Амар нарын маргааныг хянан хэлэлцээд, тэдний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэв.

Энэ тохиолдолд, хариуцагч Амар нь тодорхой хугацаанд Дашийн байрыг зориулалтын дагуу өөрийн мэдэлд байлгаж ашигласан тул ашигласан хугацааны төлбөрийг төлөх үндэслэлтэй, харин “гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлага” буюу алдангийг төлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэжээ.

Иймд, хариуцагч Амараас түрээсийн байрыг зориулалтын дагуу ашигласан хугацааны төлбөрийг гаргуулан Дашид олгуулахаар, харин Дашийн нэхэмжилсэн “алданги гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/119985?daterange=2022-01-01%20-%202022-10-24&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг