ДААТГАЛЫН КОМПАНИ НЬ ДААТГАЛЫН ГЭРЭЭГ ХУУЛЬ БОЛОН ЖУРАМДАА НИЙЦҮҮЛЭН БАЙГУУЛАХ ҮҮРЭГТЭЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 212 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.31-ний өдрийн 210/МА2022/01939 дугаар магадлал

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Оюун нь арилжааны банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулах үедээ даатгалын А компанитай зээлдэгчийн амь нас, эрүүл   мэндийн даатгалын гэрээг байгуулжээ. Тэрээр даатгалын гэрээг байгуулснаас хойш 5 жилийн дараа тархинд нь цус харвалт өгсний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдаж, улмаар даатгалын компаниас ипотекийн даатгалын гэрээний дагуу орон сууцны зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Анхан шатны шүүхээс иргэн Оюуны нэхэмжлэлийг даатгалын гэрээгээр тохиролцсон гэнэтийн ослын улмаас учирсан эрсдэлд хамаарахгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасны дагуу “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулна”, 

-мөн “даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно” 

-мөн “даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгуулагчаар төлүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж, даатгуулагч иргэний хуулиар олгогдсон, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлээгүй, стандарт нөхцөл бүхий гэрээний заалт түүний утга агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, даатгагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай гэж үзэн, даатгагч А компаниас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж  нэхэмжлэгч Оюунд олгон нэхэмжлэлийг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтэн эхээр нь үзэх цахим холбоос: https://shuukh.mn/single_case/25659?daterange=2022-01-01%20-%202023-03-09&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг