ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ МЭДЭГДЭЛ ӨГСНИЙГ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 253 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 183/ШШ2022/01560
Тоймын дугаар, огноо: 2022.11.18
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: “Б” ХХК-ийн захирал нь ажилтан Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, Д уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө” гэж хуульд зааснаар ажилтан Д-д ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж, талууд харилцан тохирсон тул хууль зөрчөөгүй” гэж маргав.
Маргааныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар, ажилтан Д нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд “Б” ХХК-иас түүнийг ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулсан, талууд уг асуудлаар харилцан тохиролцсон гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж шүүхээс үзсэн байна.
Харилцан тохиролцох гэдэг нь асуудлыг хамтран хэлэлцээд шийдлийг тохирох утгатай бөгөөд “Б” ХХК-иас ажилтан Д-д ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгснийг “ажлаас чөлөөлөх” асуудлаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй, энэ тохиолдолд, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан “Б” ХХК-ийн захирлын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд, Д-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/123319?daterange=2022-01-01%20-%202022-11-07&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго