НЭХЭМЖЛЭЛИЙГ БУЦААВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 152 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 183/ШТ2022/00541

Тоймын дугаар, огноо: 2022.11.30

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Агуулга: Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Я.Ю-д холбогдуулан ажлын байранд ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн дарамтад орсныг тогтоолгох, эрүүл мэндэд учирсан хохирол 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Я.Ю-д холбогдох хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийг өөрийг нь биечлэн оролцуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр товлосон.

 Гэтэл нэхэмжлэгч нь гадаад улс руу хоёр сарын хугацаатай сургалтад хамрагдахаар явж байгаа тул тухайн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах, мөн өмгөөлөгчөө солих хүсэлтийг бичгээр ирүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь баримтаар нотлогдохгүй байх ба өмгөөлөгч солих хангалттай хугацаа өнгөрсөн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан хүсэлтийг судлан үзээд нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч хоёр сарын хугацаатай сургалтад хамрагдахаар гадаад улс руу явж байгаа тухайгаа хүсэлтдээ дурдсан боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх 3 сарын хугацаанд тэрээр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан оролцож байсан, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч сольж, өөр өмгөөлөгч оролцуулах хангалттай хугацаа байсан тул нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүйгээс гадна хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн өөрийн тайлбар ач холбогдолтой бөгөөд түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

Иймд Н.Д-г нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэж дүгнэн, түүний хариуцагч Я.Ю-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа