БУСДЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН ЭТГЭЭД ТҮҮНИЙХЭЭ ҮНЭН, ЗӨВИЙГ ӨӨРӨӨ НОТЛОХ ҮҮРЭГТЭЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 146 Хуваалцах

Тойм төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, Шийдвэрийн дугаар: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01340 дугаар магадлал.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Агуулга: Иргэн А нь хариуцагч Ж, Л нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Хариуцагч Ж, Л нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “иргэн А-тай холбоотой хэвлэмэл хуудас тараасан нь үнэн, гэхдээ энэ нь түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл агуулаагүй” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагч Ж, Л нар нь 2019.10.27-ны өдөр Монголын Хуульчдын холбооны 4-р Их хурлын завсарлагаанаар “иргэн А, Б нар нь хуйвалдан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, ийм хариуцлагагүй, шударга бус хуулиа мэддэггүй, ёс зүйн наад захын шаардлага хангахгүй этгээд тус холбооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байна” гэх агуулга бүхий мэдээлэлтэй хэвлэмэл хуудсыг хурлын төлөөлөгчдөд тараажээ. 

Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой маргаанд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч Ж, Л нар нь дээрх агуулга бүхий мэдээний үнэн, зөвийг нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж, Л нар нь иргэн А-ийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч тэдгээрийн үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.Давж заалдах шатны шүүх хариуцагч Ж, Л нарыг иргэн А-ийн талаар Монголын Хуульчдын холбооны 4 дүгээр Их хурлын төлөөлөгчдөд тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж дүгнэн, иргэн А-ийн нэр төрийг сэргээж, нэхэмжлэлийг энэ хэсгээр хангаж, Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудсаар няцаалт хийхийг хариуцагч Ж, Л нарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/26539?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж