ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ХАНГАСАНГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 266 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2021 оны 12 сарын 10-ны өдөр №183/ШЗ2021/15744

Тоймын дугаар, огноо:  2021 оны 12 сарын 10-ны өдөр №183/ШЗ2021/15744

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “маргаан бүхий орон сууцыг хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байх, … шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг тус тус шүүхэд гаргав.

Нэхэмжлэгч А нь уг хүсэлтийн үндэслэлээ “ … Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэсний дагуу хүсэлт гаргасан” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “ … төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болох”-оор заасан байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч А-ийн гаргасан хүсэлт нь хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй, харин нэхэмжлэгч уг хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргах боломжтой гэж шүүх үзэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хариуцагчийн эд хөрөнгөнд холбогдуулан авдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авах үндэслэлгүй тул нэхэмжлэгч “А”-гийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосМонгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал