ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАДГАЛАГЧ НЬ ХАДГАЛЖ БУЙ ЭД ХӨРӨНГИЙНХӨӨ БҮРЭН БАЙДЛЫГ ХАНГАНА
2023-10-05 Админ Хандсан тоо: 146 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 04 сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01167
Тоймын дугаар, огноо: 2023 оны 01 сарын 31-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Б-с “Н” ХХК-д холбогдуулан тус компанийн зооринд хадгалуулсан сонгино муудаж ялзарсан тул сонгины үнэ 20.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч “Н” ХХК-иас “…Иргэн Б-тай гэрээ байгуулах үед манай компанийн зооринд байцаа байсан, сонгиныг байцаатай хамт хадгалахад хадгалалтын горим зөрчигдөж, муудах эрсдэлтэй гэдгийг хэлсээр байтал гэрээ байгуулаад сонгиноо хүлээлгэн өгсөн тул 20.000.000 төгрөг төлөхгүй” гэж маргажээ.
Иргэний хуулиар, хадгалагч нь хадгалж байгаа эд хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдлыг хангах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авах, иргэн, аж ахуйн нэгжтэй эд хөрөнгө хадгалуулах тухай гэрээ байгуулахдаа хадгалуулсан эд хөрөнгө дутсан, гэмтсэн, эвдэрсэн, алдсан зэргээс бий болсон хохирлыг хэн нь хариуцахаа тохиролцоогүй бол үрэгдсэн эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээдэг.
Харин хадгалуулагч нь эд хөрөнгөө хадгалагчид хүлээлгэн өгөх үед тоо, чанарын дутагдлын талаар мэдэж байсан боловч хэлээгүй, эсвэл мэдэх боломжтой байсан ч хэлээгүй, мөн хадгалагч, хадгалуулагч хоёулаа мэдээгүйн улмаас хадгалагчид бий болсон хохирлыг хадгалуулагч хариуцах талаар мөн хуульд заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Б нь “Н” ХХК-тай түүний агуулахад хөрөнгө хадгалуулах гэрээг байгуулж, нэг сарын 490.000 төгрөгийн хөлстэйгөөр 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн галлонд сонгиныг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн, хэсэг хугацааны дараа сонгино муудсан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд, “…хадгалуулсан эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй талаар мэдэгдсэн боловч хадгалуулагч тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс хохирол учирвал хадгалагч хариуцлагаас чөлөөлөгдөх”-өөр заасан байв.
Анхан шатны шүүхээс, “Н” ХХК нь “хадгалагч”-ийн хувьд түүнд хадгалуулахаар хүлээлгэн өгсөн сонгиныг муутгахгүй, бүрэн бүтэн байх нөхцлийг хангах үүрэгтэй, уг үүргээ зохих ёсоор биелүүлсэн болон гэрээнд заасны дагуу эд хөрөнгөд нь хохирол учирч болзошгүй талаар Б-д мэдэгдэж сануулж байсан зэрэг нь нотлогдоогүй гэж үзэж, баримтаар нотлогдож буй муудсан сонгины үнэд хариуцагч “Н” ХХК-иас 18.672.000 төгрөг гаргуулан иргэн Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/119783?daterange=2022-04-20%20-%202022-04-20&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг