ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТӨЛБӨР АВАГЧИЙН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЭСРЭГ “ХҮСЭЛТ” БИЧҮҮЛЭН АВЧ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ ҮНДЭСЛЭЛГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 156 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03431
Тоймын дугаар, огноо: 2023 оны 02 сарын 09-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: Иргэн М.Ч-ыг шүүхийн шийдвэрээр Биокомбинат ТӨААТҮГ-т чанар хяналт, шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан ба уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажиллагааг эхлүүлжээ.
Энэхүү хугацаанд төлбөр төлөгч Биокомбинат ТӨААТҮГ нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор татан буугдаж, УТҮГ болж төрөл, хэлбэрээ өөрчлөх замаар зохион байгуулагдсан.
Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь байгууллага татан буугдсан гэх үндэслэлээр төлбөр авагч М.Ч-ээр “Төлбөр төлөгчөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг бичүүлэн авч, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
Иргэн М.Ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хуульд зааснаар төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн уг ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй буюу төлбөр төлөгч байгууллагын татан буугдсан, өөрчлөн зохион байгуулагдсантай холбоотой ямар нэгэн нотлох баримтыг бүрдүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болох ямар нөхцөл байдал үүссэн болохыг тогтоогоогүй атлаа төлбөр авагчийн өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг хүсэлт бичүүлэн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн гэж үзэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125134?daterange=2022-01-01%20-%202023-02-07&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа