ЭЦЭГ, ЭХИЙН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫГ ШҮҮХ ТОГТООВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 178 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00393,

Тоймын дугаар, огноо: 2023 оны 02 сарын 14-ний өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Гэр бүлээ цуцлуулсны дараа иргэн А нь өөрийн эхнэр байсан С-д холбогдуулан “эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоож, сар бүрийн тодорхой өдрүүдэд хүү, охин хоёрыг эцэг А-тай хамт амьдруулж, эцгийн үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгохыг С-д даалгах” нэхэмжлэл гаргасан байна.

Өмнө нь шүүхээс А,С нарын гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг эх С-ийн асрамжид үлдээж, А-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг эх С-д даалгаж шийдвэрлэсэн байв.

  Хариуцагч С нь “… хүүхдүүдийг миний асрамжид үлдээсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин шийдвэрлэх үндэслэлгүй, … асар их дарамттай, сэтгэл санааны хямралд оруулдаг, хүүхдүүдийн хүмүүжил, боловсрол, сэтгэл санаанд муугаар нөлөөлөхүйц байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдүүдээ хоногоор өгч явуулах боломжгүй...” гэх агуулгаар маргасан.

Гэр бүлийн тухай хуулиар “...Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол шүүх тогтооно” гэж заажээ.   

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь, А-г хүүхдүүдтэйгээ уулзуулах асуудлаар А, С нарын хооронд маргаан үүсч, улмаар эцэг, эхийн эрх, үүргийг хэрэгжүүлэх журмыг тэд тусгайлан тохиролцож чадаагүй, энэ тохиолдолд шүүх уг журмыг тогтоох үндэслэлтэй гэж шүүхээс үзсэн байна. 

Хариуцагч С нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан өдрүүдийн талаар ямар нэгэн санал гаргаагүй, энэ талаар маргаагүй тул шүүх сар бүрийн тодорхой өдрүүдэд хүү Д, охин С нарыг эцэг А-тай хамт амьдруулж, эцгийн үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгохыг С-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосМонгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал