АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ҮҮРГИЙН ЗӨРЧИЛ БҮР ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 276 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00568

Тоймын дугаар, огноо:  2023 оны 03 сарын 15-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Н нь “А” ХХК-д холбогдуулан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...хариуцагч гэрээг цуцлах мэдэгдэл өгч, орон сууцыг захиалагч миний өмчлөлд шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан...” гэж  тайлбарласан.  

Хариуцагч “А” ХХК бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, иргэн Н гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээ цуцлагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан ба гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн.  Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн дийлэнх хэсгийг хугацаандаа биелүүлж, үлдэгдэл төлбөрийн төлөх хугацааг хожимдуулж төлсөн, “А” ХХК нь хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ мөн биелүүлээгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаардаггүй, харин тодорхой хугацааны дараа биелдэг тул гэрээний үүргийн зөрчил бүр гэрээ цуцлах шууд үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчил нь ялимгүй шинжтэй биш, зөрчил арилаагүй байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд орон сууц захиалагч буюу иргэн Н нь зарим төлбөрийг хугацаа хэтрүүлсэн боловч төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлж, зөрчлөө арилгасан байх тул хариуцагч “А” ХХК гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Иймд анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “А” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: http:// https://shuukh.mn/single_case/125655?daterange=2023-01-01%20-%202023-03-21&id=1&court_cat=1&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг