ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ /КОВИД-19/ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АШИГЛАН 114 ИРГЭНИЙГ ЗАЛИЛЖ, 90 802 305 ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
2023-10-05 Админ Хандсан тоо: 215 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Иргэн Номин-Эрдэнэ нь 2020 оны 12 дугаар сарын 26-аас 2021 оны 10 дугаар сарын 17-ны хугацаанд олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт өөрийн “N... N...”, “H... h...”, “Л... Х...”, “F... F...”, “Э...-й Э...-й” гэсэн нэртэй цахим хаягуудаас:
“Ариутгагч буу, Ковид-19 түргэвчилсэн тест зарна”,
“Төрөл бүрийн бараа бөөний үнээр захиалгаар ирнэ”,
“Хувцасны шүүгээ зарна”,
“Биеийн тамирын эрэгтэй, эмэгтэй хувцас зарна”,
“Гэрийн тавилгууд зарна”,
“Машины сэлбэг зарна” гэсэн утга бүхий хуурамч заруудыг байршуулж, уг зарын дагуу холбогдсон иргэдийг “...бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, ирсэн барааны карго төлбөр өг...” гэж хуурч, нэр бүхий 114 иргэнээс нийт 90,802,305 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Номин-Эрдэнийг олон удаагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж үзэж, 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, төлөгдөөгүй хохирол болох 86,214,305 төгрөгийг түүнээс гаргуулан нэр бүхий 113 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх:
- Номин-Эрдэнийн 11 сарын хугацаанд 114 иргэнээс залилан авсан 96,802,305 төгрөгийг өөрөө захиран зарцуулсан, хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон байгаа тул түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж,
- Номин-Эрдэнэ нь “...Ш гэх хүний өрийг дарж байсан, энэ өрөө дарахын тулд энэ хэргийг үйлдсэн...” гэж байх боловч Ш гэх хүнд учруулсан төлбөрөө төлөхийн тулд бусдыг төөрөгдөлд оруулж нийт 96,802,305 төгрөгийг авсан үйлдлийг хуулиар зөвтгөх үндэслэлгүй гэж дүгнээд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...зүйлчлэл тохироогүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хураангуйн дэлгэрэнгүйг: https://shuukh.mn/cases/2/2 линкээр танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах