ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
“ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ БУСДАД АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ, ТҮЛХҮҮРЭЭ ӨГСӨН БОЛ ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ӨМЧЛӨГЧ ХАРИУЦНА”
2023-10-05 Админ Хандсан тоо: 142 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01491
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1510 дугаар магадлалаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 499 дүгээр зүйлийн 499.1 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Нэхэмжлэгч Н нар хариуцагч Б-д холбогдуулан “...хариуцагч Б-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг М жолоодож явахдаа миний жолоодож явсан машины хойноос мөргөж, эд хөрөнгө болон эрүүл мэндэд нийт 8 472 400 төгрөгийн хохирол учруулсан тул машины өмчлөгч Б-ээс дээрх хохирлыг гаргуулна” гэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б “Би найзуудтайгаа караокед ороод бага зэргийн архи уусан байсан учир машинаа бариулахаар М-ыг дуудсан нь үнэн. М нь машинд утсаа цэнэглэж байя гэхээр нь би түлхүүрээ өгсөн. Гэтэл миний зөвшөөрөлгүй машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, осол гаргасан бөгөөд би өөрөө жолоодоогүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэж маргасан.
Иргэний хуульд, тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн хохирол төлбөрийг гэм хор учруулсан этгээдээс гадна гэм хор учрахад нөлөө үзүүлсэн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, ашиглах боломж олгосон этгээдийн хэн аль нь хариуцаж болохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээдийг бус тээврийн хэрэгслийн өмчлөгчийг хариуцагчаар тодорхойлсон, хариуцагч Б нь М-д өөрийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгож түлхүүрээ өгсөн болох нь тогтоогдсон тул шүүх машины өмчлөгч Б-ээс нэхэмжлэгч нарын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 7 452 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдоогүй буюу хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй 1 020 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/119892?daterange=2022-01-01%20-%202023-05-01&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул