ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗСАН БОЛ УЧИРСАН ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 158 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Тоймын дугаар, огноо: 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Дугаар 183/ШШ2023/01473

Шийдвэрийн төлөв:  2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Цэрэн нь орон сууц худалдан авахаар Шинэ ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, 57.96 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг захиалж, гэрээний дагуу урьдчилгаанд 23.500.000 төгрөг төлж, гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 12 дугаар сард хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон байна.

Гэвч гүйцэтгэгч компани орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөлгүй 3 жил болсон тул Цэрэн гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөр 23.500.000 төгрөг, гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 11.750.000 төгрөгийн алданги тооцож нийт 35.250.000 төгрөгийг Шинэ ХХК-иас нэхэмжилжээ.

Хариуцагч Шинэ ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн ч хүрэлцэн ирээгүй.

Хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй тохиолдолд түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж болохоор заасан. Ингэхдээ хэргийн үйл баримт, нотлох баримтыг холбогдох харилцааг зохицуулсан хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэнэ.

Шүүхээс нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 23.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, хуульд зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Цэрэн хариуцагч Шинэ ХХК-иас урьдчилгаанд төлсөн 23.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсанаар гэрээний хариуцлага үгүй болох ба харин гэрээнээс учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй тул алданги 11.750.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/127086?daterange=2023-01-01%20-%202023-06-08&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа