ХУУЛЬ БУСААР ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАНЫ ХОХИРЛЫГ ТӨР ХАРИУЦНА
2023-10-05 Админ Хандсан тоо: 158 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2022 оны 06 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02044

Тоймын дугаар, огноо: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Д.Мөнхбатыг Энхсаран сувиллын газраас короновируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22.024.100 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор “Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, хуулийн байгууллагаас түүнийг ажлаасаа чөлөөлөгдөж, холбогдох хэргээ шийдвэрлүүлэх талаар тулгасан, шаардсан баримт байхгүй. Иймээс түүний ажилгүй байсан найман сарын хугацааны 12.000.000 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хөлсний талаар тусгаагүй байх тул өмгөөллийн хөлсөд төлсөн гэх 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргасан.

 Шүүх Д.Мөнхбатыг нь хэрэгт шалгагдах явцдаа эрх зүйн туслалцаа авч эд хөрөнгөөрөө хохирсон, нийт 14 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжоо хязгаарлуулсан гэж үзсэн.

Түүнчлэн Энхсаран сувилалд журамд заасан хугацаанаас илүү хугацаагаар тусгаарлагдаж, улмаар өөрөө халдварт өвчин авч, эрүүл мэндээрээ хохирсон зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.

Иймээс учирсан гэм хорын хохирлыг төр хариуцан арилгах нь хуульд нийцнэ гэж дүгнээд, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол буюу олох ёстой байсан орлого 12.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 10.000.000 төгрөг, баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардал 24.100 төгрөг, нийт 22.024.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгох шийдвэр гаргасан.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/127433?daterange=2022-05-01%20-%202022-06-29&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа