БҮХ ӨРИЙГ ТӨЛӨХӨД ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛ ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ҮНДСЭН ҮҮРЭГ БУЮУ ҮНДСЭН ЗЭЭЛИЙГ, ДАРАА НЬ ХҮҮГ ТӨЛҮҮЛНЭ
2023-10-05 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 сарын 04-ны өдрийн 183/ШШ2023/02403

Тоймын дугаар, огноо:  2023 оны 08 сарын 04-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Т ХХК нь П.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,453,220 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг П.О нь эс зөвшөөрч, бага хэмжээгээр төлж байсан төлөлтийг үндсэн хүүд тооцож, зээлийн үндсэн төлбөрийг төлнө гэж маргажээ.
Т ХХК болон П.О нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 198010110043 тоот зээлийн гэрээ байгуулагджээ.
Тус гэрээний дагуу П.О нь Т ХХК-аас 1,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд сар бүрийн 10-ны өдөр 110,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
П.О нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,137,100 төгрөг төлснөөс Т ХХК нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 707,272 төгрөг тооцож үлдсэн 429,828 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцжээ.
Нэхэмжлэгч Т ХХК-ийн хувьд хариуцагч П.О-ийн 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн нийт 593,000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү болон зээлийн үндсэн хүүд нийт 363,326 төгрөг, үндсэн зээлээс 229,674 төгрөг тооцон суутгасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2019 оны оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойших хугацаанд төлсөн төлөлт бүр бүх өрийг төлөхийг хүрэлцэхгүй тохиолдолд тэргүүн ээлжид үндсэн үүрэг буюу үндсэн зээлээс хасаж илүү гарсан тохиолдолд хүүг төлүүлэх журмыг зөрчсөн гэж шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 3,021,690 төгрөгийн хэсгийг хангаж, үлдэх 431,530 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/128147?daterange=2023-01-01%20-%202023-09-11&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд