НОТАРИАТЧ “ИТГЭМЖЛЭЛ” ГЭРЧЛЭХДЭЭ ТӨЛӨӨЛҮҮЛЭГЧИЙГ ОРОЛЦУУЛААГҮЙ БОЛ ҮЙЛДЛИЙГ ХҮЧИНТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 196 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 102/ШШ2020/01093

Тоймын дугаар, огноо: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн төлөв: 2022.09.29 Шийдвэр-хураангуй 3

Санамж:  Энэ хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.

Агуулга: Баянгол дүүргийн тойргийн нотариатч Болор нь 2014 оны 10-р сарын 03-ны өдөр Сод, Дулам нарын өмчлөлийн, 36 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг “зээлийн барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлөх, үүргийн гүйцэтгэл хангуулах” эрхийг иргэн Болдод олгосон итгэмжлэлийг гэрчилжээ.

Иргэн Содоос нотариатч Болорын дээрх үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “… би энэ итгэмжлэлийг гэрчлүүлэхээр нотариат дээр очоогүй, ямар ч баримтад гарын үсэг зураагүй” гэж маргасан, нотариатч Болор нь  “...төлөөлөгч, төлөөлүүлэгч өөрсдийн биеэр ирж итгэмжлэлийг гэрчлүүлсэн” гэж шүүхэд тайлбарлав. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 10-р сарын 03-ны өдрийн “Итгэмжлэл”-д Сод гэж зурагдсан гарын үсэг нь Содын гарын үсгийн загвар болон  бичгийн хэвийн загвартай тохирохгүй болохыг тогтоосон, шинжээчийн дүгнэлтийн талаар нотариатч Болор маргаагүй байна.

Хуульд зааснаар эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүйгээс бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.

Харин нотариатч “Итгэмжлэл” гэрчлэхдээ итгэмжлэл олгож буй тал буюу Содыг өөрийг нь байлцуулаагүй, итгэмжлэлд гарын үсэг зуруулаагүй нь хууль зөрчсөн бөгөөд  талуудад эрх, үүргийг нь тайлбарлах, үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх үзэв.

Зүй нь,  энэ тохиолдолд нотариатч итгэмжлэл гэрчлэхээс татгалзах байжээ.

Түүнчлэн, бичгээр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зураагүй бол итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохоор хуульд заасан тул нэхэмжлэгч Болорын гаргасан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/94278?daterange=2020-01-01%20-%202020-09-27&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа