ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТУРШИЛТААР: ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ НЭМЭГДҮҮЛСЭН ХҮҮГИЙН ЗААЛТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС БАЙГАА НЬ ГЭРЭЭГ БҮХЭЛД НЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 295 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 102/ШШ2022/01053
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Мэргэнээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүүнд 27,790,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,180,000 төгрөг, нийт 108,970,000 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол 2018.12.07-ны өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь 75,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул өгсөн, авснаа буцааж, 75,000,000 төгрөгөөс миний төлсөн 16,960,000 төгрөгийг хасаад үлдэх мөнгийг төлнө гэж маргасан байна.
Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь хуулийн этгээд байх ба гүйцэтгэх захирлыг төлөөлж зээлийн эдийн засагч гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээл олгох эрх бүхий этгээдийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн.
Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 16,960,000 төгрөгийг төлж, гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусахад зээлийн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр байна.
Хариуцагч үндсэн зээл 75,000,000 төгрөг, гэрээний хугацаа 377 хоног, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 518 хоног, нийт 895 хоног өнгөрсөн байх бөгөөд зээлийн хүүнд 44,750,000 төгрөг төлөхөөс 16,960,000 төгрөгийг хасч тооцсоноор хариуцагч нь 27,790,000 төгрөгийн үндсэн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн төлөлт зогссон 2019.09.25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2021.06.04-ний өдөр хүртэл 30 хоногт 0.5 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцон 6,180,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хуульд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож болохоор зохицуулсан тул нэхэмжлэгчийн үндсэн хүү нь 30 хоногт 2.0 хувь бол нэмэгдүүлсэн хүү нь 30 хоногт 0.4 хувь байхаар байна. Гэтэл хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцох тухай гэрээний 1.3 дахь заалт хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус боловч зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
2018.12.07-ны өдрийн зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Иймд хариуцагч Мэргэнээс үндсэн зээл 75,000,000 төгрөг, үндсэн хүү 27,790,000 төгрөг, нийт 102,790,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгож, хариуцагч Л.М нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 6,180,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/111799?daterange=2022-03-24%20-%202022-03-24&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг