ХҮЧИН ЧАДЛААС НЬ ДАВСАН ХЭМЖЭЭНИЙ УС ТУУЛЖ, МАШИНАА ЭВДСЭН ЖОЛООЧИЙН ХОХИРЛЫГ ДААТГАЛЫН КОМПАНИ ХАРИУЦАХГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 137 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18 өдрийн 102/ШШ2022/018621 дугаар шийдвэр

Тоймын дугаар, огноо:  № 3, 2023.03.21

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн С нь “МД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн олговорт 3 421 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс “… Хэнтий аймгийн Бат-Ширээт сумын “Хурх” бригадын Жаргалантын гармаар шөнө гарах үед цасан шуурга болж усны түвшин нэмэгдсэний улмаас машинтайгаа усанд сууж, машины эд ангид хохирол учирсан, … давагдашгүй хүчин зүйл болж даатгалын тохиолдол үүссэн тул нөхөн төлбөр авна” гэж, хариуцагч даатгалын компаниас “… даатгуулагч нь техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар машинтайгаа зорчсоны улмаас хохирол учирсан тул даатгалын нөхөн олговор олгохгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч С нь уг даатгалын компанитай “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээ хийж, Тоёота приус 30 маркийн машинаа даатгуулж, хураамж төлсөн, даатгалын гэрээний 5.4-т “техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсоны улмаас үүссэн хохирол”-ын тохиолдлыг даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл гэж заасан байв.

Нэхэмжлэгч С-ийн машин усанд суусан үеийн баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тухайн орон нутагт энэ цаг хугацаанд давагдашгүй хүчин зүйл учирсан, байгалийн эрсдэл буюу даатгалын тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ус туулсны улмаас тухайн машины hybrid асаалтын болон компьютерын систем гэмтсэн болох нь тогтоогджээ.

Япон автомашины www.jap.or.jp сайтад “PRIUS маркийн автомашин нь хосолмол буюу hybrid системийн машин бөгөөд 30 см гүн ус туулах боломжтой, үүнээс их ус туулах тохиолдолд хосолмол систем ажиллагаагүй болох, цахилгаан эд ангид богино холбоос үүсэх, ус нэвтэрч хөдөлгүүр гэмтэх эрсдэл үүсэх”-ийг мэдээлсэн байна. 

Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг хэлэлцээд, автомашины хүчин чадлаас давсан хэмжээний ус туулсан нь хохирол учрах үндэслэл болсон гэж үзэж, талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл болно гэж дүгнэн С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/120369?daterange=2022-05-01%20-%202023-03-20&id=1&court_cat=1&bb=1 

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч   Р.Алтантуяа