ХУУЛЬ ЗӨРЧСӨН, НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ЗАН СУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭНД ХАРШИЛСАН ХЭЛЦЭЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС БАЙНА
2023-10-05 Админ Хандсан тоо: 146 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 102/ШШ2023/01289 дугаар шийдвэр

Тоймын дугаар, огноо: 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Б нь хариуцагч О-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...О нь намайг Нийслэлийн орон сууцны корпорацын түрээсийн орон сууцанд дараалалгүйгээр оруулна гэж 7,000,000 төгрөг авсан. Гэвч орон сууцанд оруулаагүй, 3,000,000 төгрөгийг буцааж авсан. Үлдэх 4,000,000 төгрөгийг төлөөгүй” гэжээ.

Хариуцагч О нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар татгалзал, нотлох баримт гаргаагүй.

Хуульд зааснаар талуудын хооронд хийгдсэн түрээсийн орон сууцанд дараалалгүйгээр оруулж өгнө гэж 7,000,000 төгрөг авахаар харилцан тохиролцсон нь хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Энэ хэлцэл хийгдсэн цагаас буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлээр шаардах эрх, гүйцэтгэх үүрэг үүсэхгүй.

Энэ тохиолдолд хариуцагч О-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж мөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

Шүүх дээрх үндэслэлээр хариуцагчаас 4 000 000 гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоосhttps://shuukh.mn/single_case/126204?daterange=2023/01/01%20-%202023/04/11%20&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр