ТУРШИЛТЫН ХУГАЦААНД ЗӨРЧИЛ ГАРГАСАН НЬ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ЦУЦЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
2023-10-05 Админ Хандсан тоо: 260 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/01483 дугаар шийдвэр

Тоймын дугаар, огноо: 6, 2023.05.01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Нэхэмжлэгч Б нь хариуцагч “СМ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...намайг жирэмсэн, бага насны хүүхэдтэй учир гадуурхаж, хууль бусаар ажлаас халсан” гэж тайлбарласан, хариуцагч эс зөвшөөрч “...туршилтын хугацаанд зөрчил гаргасан тул гэрээний хугацааг сунгалгүй дуусгавар болгосон, жирэмсэн гэдгийг мэдээгүй, ийм шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй” гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж 3 сараас илүүгүй хугацаагаар туршилтаар ажиллуулах, хугацааг харилцан тохирч 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.

Ажил олгогч “СМ” ХХК, ажилтан Б нар харилцан тохиролцож туршилтын 3 сарын хугацаагаар ээлжийн менежерийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуусахад гэрээг дахин 3 сараар сунгахаар тохирчээ. Гэвч ажилтан энэ хугацаанд байгууллагын дотоод журамд заасан “...зөвшөөрөлгүйгээр ээлжийн менежерийн хурал тасалсан, ...удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад ажил үүрэг гүйцэтгэх ээлжийг өөр ажилтантай дур мэдэн сольсон” зөрчил гаргасантай холбоотой цалинг нэг сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байна.

Б нь туршилтын хугацаанд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй тул ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох тухай Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126458?daterange=2023/01/01%20-%202023/05/01%20&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр