ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭРЭЭНИЙ ОРОЛЦОГЧ БИШ БОЛ ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭХ ҮҮРЭГ ҮҮСЭХГҮЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 139 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02466 дугаар шийдвэр
Тоймын дугаар, огноо: 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Э-д холбогдуулж түрээсийн төлбөр 9,009,677 төгрөг, алданги 719,624 төгрөг, СӨХ-ны төлбөр 138,624 төгрөг, нийт 9,867,788 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Э нь манай компанийн өмчлөлийн 4 өрөө орон сууцанд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ямар нэг гэрээгүй оршин суусан, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тэрээр байрны түлхүүрээ ч хүлээлгэж өгөөгүй гарсан тул Э нь хуульд зааснаар хариуцах ёстой” гэж тайлбарласан.
Хариуцагч Э нь “...түрээсийн гэрээ байгуулаагүй тул төлбөрийг хариуцахгүй, орон сууцыг худалдан авах зорилгоор өөр этгээдэд 21,000,000 төгрөг шилжүүлсэн, С ХХК болон холбогдох этгээдүүдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа” гэж татгалзлаа тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан баримтуудаар “С” ХХК-нийг төлөөлж борлуулалтын ажилтан Б нь иргэн О-той түрээсийн гэрээ байгуулсан, компаний тамгаар баталгаажуулсан тул тэдгээрийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Харин “С” компани Э нарын хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр, гэрээний улмаас учирсан хохирол, олох байсан орлого шаардах эрхгүй.
Түүнчлэн С компани Э-с сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний шаардах эрхтэй этгээд биш. Учир нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотой зардлыг зохих журмын дагуу байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчөөс шаарддаг.
Иймд хариуцагч Э-с 9,867,788 төгрөг гаргуулах тухай С ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/123012?daterange=2022-01-01%20-%202023-06-06&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал