ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БИЙ БОЛГОХОД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БОЛ ХАМТРАН ӨМЧЛӨХ ЭРХТЭЙ
2023-10-05 Админ Хандсан тоо: 189 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01599 дугаар шийдвэр
Тоймын дугаар, огноо: №10 , 2023-08-9
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Ц нь Б-д холбогдуулан түүний хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б нь тухайн хувийн сууцыг өөрийн өмчлөлийн газрыг барьцаалан зээл авсан, зээлийг миний хүү С төлж байсан, хүү нь цалин, бусад орлогоо Ц-ийн данс руу шилжүүлж байсан тул хамтран өмчлөх эрхгүй гэж маргажээ.
Маргаан бүхий хувийн сууцыг гэр бүлээрээ амьдрахаар байнгын зориулалттай барьсан тул газрын бүрдэл хэсэгт хамаарна. Харин байшингийн өмчлөх эрх нь газар өмчлөгч Б-ийн өмчлөлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна.
Гэр бүлийн зориулалттай хувийн сууцыг бий болгоход нэхэмжлэгч Ц өөрийн мөнгөн хөрөнгөө оруулсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.
Иймд дээрх хувийн сууцны өмчлөгчөөр Б бүртгэгдсэнээс үл хамаарч, үл хөдлөх хөрөнгийг бий болгоход оруулсан хөрөнгө, түүний оролцоог үндэслэж нэхэмжлэгч Ц-г хамтран өмчлөх эрхтэй гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126611?daterange=2023-01-01%20-%202023-08-09&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн