ӨНДРИЙН ХАМГААЛАЛТЫН ОЛСЫГ ТАТАЖ БЭХЛЭЭГҮЙН УЛМААС ХҮНИЙ БИЕД ХҮНДЭВТЭР ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ИНЖЕНЕРТ ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 189 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 764 ШТ   

Тоймын дугаар, огноо: №2  2022.08.01

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой.

Агуулга: Хөдөлмөр хамгааллын инженер Оюун нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Б” ХХК-ны агуулахын дотор заслын ажил дээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа өндрийн хамгаалалтын олсыг норм журмын дагуу татаж бэхлээгүйн улмаас ажилтан Д өндрөөс унаж гэмтжээ.

Энэ тохиолдлыг Эрүүгийн хуульд зааснаар болгоомжгүйгээр хүний биед гэмтэл учруулсан гэж үздэг бөгөөд Хөдөлмөр хамгааллын инженер Оюун нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцан ажиллаж байхдаа албан үүрэгтээ хайнга хандаж, үүргээ биелүүлээгүйн улмаас ажилтан Д-ийн бие мах бодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

Хуульд зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг бөгөөд үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг оногдуулна.

Шүүхээс иргэн Оюуныг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгааг болон  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн, тус компаниас хохирогчийн эмчилгээний зардлын мөнгийг төлсөн, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш зэрэг түүний хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 550 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял шийтгэв. Торгох ялын нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэнэ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/76252?daterange=2021-12-23%20-%202022-08-01&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн:  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Б.ДАШДОНДОВ