ХУУРАМЧ ФЭЙСБҮҮК ХАЯГ ҮҮСГЭН БУСДЫГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 214 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/559      

Тоймын дугаар, огноо: №6  2022.10.19. 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон  

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой.

Агуулга:  Иргэн Болор нь нэгэн фэйсбүүк хаягт байршуулсан “койн худалдаж авна” гэсэн зарыг хараад, хуурамч хаяг үүсгэн зарын эзэнтэй холбогдож “хямд койн байгаа, …1 койныг 3500 төгрөгөөр зарна” гэж худал ярьж итгүүлэн, 350,000 төгрөг авчээ. Мөнгө шилжүүлэн авмагцаа фэйсбүүкт үүсгэсэн хуурамч хаягаа устгасан байна.

Дээрх байдлаар цахим хэрэгсэл ашиглаж, худлаа мэдээлэл өгч, мөнгө шилжүүлэн авсан Болорын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуульд зааснаар, залилах гэмт хэрэг үйлдсэн тухайн тохиолдолд торгох, нийтэд тустай  ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Болор нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, оршин суух тодорхой хаягтай зэрэг хувийн нөхцөл байдлыг нь харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/66158?daterange=2022-01-01%20-%202022-10-19&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг