ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
УЛАМЖЛАЛТЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 249 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2020.7.31-2022/ШЦТ/875
Тоймын дугаар, огноо: №7
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Уламжлалт бариа засал хийх, эмчлэх эрхгүй этгээд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг прокуророос хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгч Гэрэл нь анагаах ухааны боловсрол олгох сургуульд суралцаж төгсөөгүй, уламжлалт бариа засал хийх эрх аваагүй байж гэртээ эмнэлгийн бус нөхцөлд Галтын нуруун дээр 2 ширхэг бумба тавиад, улмаар бумбаа авсны дараа мэс заслын хутгаар 3мм гүнтэй хатгаж цусыг нь ханасны улмаас хохирогчид нурууны арьсны халдварлагдсан шарх, арьсан доорх идээт буглаа, үжил, үжлийн шок бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг шүүхээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Уг гэмт хэрэгт хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.
Хохирогч Галт нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 6,186,461 төгрөг нэхэмжилснийг Гэрэл нь бүрэн төлж барагдуулсан. Харин хохирогчид учирсан хүнд хохирол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн арилаагүй тул цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой хохирлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд заасан.
Шүүхээс Гэрэлд ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” зарчимд нийцүүлэн, түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан баримттай хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэх үедээ 65 настай байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, мөн Гэрэлийн үйлдсэн хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой учраас эмчлэх эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/48780?daterange=2020-01-01%20-%202020-12-17&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул