БУСДЫН ГЭЭСЭН ГАР УТСЫГ ОЛЖ АВЧ, ӨӨРТӨӨ АШИГЛАСНААР ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 203 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.11.07 ШЦТ/1380

Тоймын дугаар, огноо: № 10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Бусдын гээсэн гар утсыг олж, өөртөө ашигласны улмаас бусдад 750,000 төгрөгийн хохирол учруулсныг прокуророос “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

Иргэн Г нь гудамжинд гээгдсэн 750,000 төгрөгийн үнэтэй гар утсыг олж авч, энэ нь бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллага /орон нутгийн болон цагдаагийн байгууллага/-д мэдэгдэлгүй өөртөө ашигласан нь нотлогдсон.

Энэ гэмт хэргийн шинж нь: бусдын гээгдүүлсэн аливаа эд хөрөнгө нь 300,000 төгрөгөөс дээш үнэ бүхий эд хөрөнгө байх бөгөөд түүнийг олж авсан этгээд өөрийн эзэмшилдээ авч зарж борлуулах болон бусад байдлаар өөртөө ашигласан бол гэмт хэрэг гэж үзэхээр хуульчилсан.

Уг гэмт хэрэгт 450,000- 2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл зорчих эрх хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа: Г- г гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан буюу гар утсыг нь буцаан өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болж байна гэж үзэж улсын яллагчийн саналын хүрээнд торгох шийтгэл оногдуулах нь тохиромжтой гэж дүгнэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун  мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Энэхүү ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуультай.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа