20 НАСТАЙ ЗАЛУУ МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭН БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ХҮЛЭЭЛЭЭ
2023-10-05 Админ Хандсан тоо: 236 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.09.14 №1827

Тоймын дугаар, огноо: №9

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: 20 настай, эрэгтэйг Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан Тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн гэж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулах саналтай шүүхэд ирүүлсэн.

Шүүх уг зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон, уг асуудал нь Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчилд хамаарах бөгөөд мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлтэй.

Мансууруулах бодис хэрэглэх нь улс орны аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг их, олон нийтийн эрүүл мэндэд хортой үр дагавартай зэргийг харгалзан 20 настай иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 50 цагийн албадан сургалтад хамруулж, 20 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан.

Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход орших бөгөөд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулдаг.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар