ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
“БУЯНТ-УХАА 2 ОРОН СУУЦАНД ОРУУЛЖ ӨГНӨ” ГЭЖ 129 ИРГЭНИЙГ ЗАЛИЛЖ 831,388,000 ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
2023-10-05 Админ Хандсан тоо: 220 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023/ШЦТ/115
Тоймын дугаар, огноо: 2023.01.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А, Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, Ц, У, Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, В-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу иргэдийг “НОСК, ТОСК-д ажилладаг хүн байгаа, Нийслэлийн орон сууц корпорацын “Буянт Ухаа 2” орон сууцанд хамрагдах цахим дугаарлалтыг урагшлуулж бүртгүүлж өгнө, уг орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч мэхлэн нэр бүхий 129 иргэнээс нийт 831,388,000 төгрөгийг залилан авсан, Ө, Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүхээс иргэн А-г ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ял,
иргэн Ж, Ц, У, Л нарыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг тус тус харгалзан Ж-ыг 3 жил хорих ял, Ц, У, Л тус бүрийг 10,000,000 төгрөгөөр торгох ял,
иргэн В-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
иргэн Ө, Р нарыг залилах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг тус тус харгалзан Ө-ийг 1 жил хорих ял, Р-ийг 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс иргэн А, Ж, Ц, У, Л, В, Ө, Р нарыг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрт ноогдох хохирол төлбөрөөс хохирогч нарт тодорхой хэмжээг төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хохирол, хор уршиг арилаагүй, тэдний ар гэрийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ялгамжтай ял оногдуулав.
Дээрх нэр бүхий иргэдэд шүүх ялгамжтай ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн.
Мөн шүүхээс төлөгдөөгүй хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар