ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ГЭМ ХОРЫН АСУУДАЛ ГЭЖ ДҮГНЭН, ШҮҮГДЭГЧИЙГ ЦАГААТГАЖ ШИЙДВЭРЛЭВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 224 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023/ШЦТ/125
Тоймын дугаар, огноо: 05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга:
- Шүүгдэгч Д нь 2022.10.28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд найзтайгаа үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, бүжиглэж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан О, Г нарыг гар утсаа хэрэглэсэн байдалтай ширээн дээрээ сууж байхад тэдгээрийн гар утсыг авч явсан, улмаар өөртэй нь бүжиглэвэл гар утсыг буцааж өгнө гэж хэлэн Г-д гар утсыг буцааж өгсөн, харин О-ийн гар утсыг бүжгийн талбайд унаган алга болгожээ.
- Прокуророос шүүгдэгч Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу О, Г нарын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв.
- Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох буюу хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан үйлдлийн болон санаа, зорилгын шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив /гадаад харагдах байдлаар/ яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
- Яллах талаас шүүгдэгч Д-н хохирогч нарын гар утсыг авсан үйлдлийн зөвхөн гадаад шинжийг /харагдах байдал/ үндэслэн түүнийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй буюу хэргийн бодит байдлыг тогтоох хүрээнд гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрт прокуророос буруу дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар хэлбэрээр үйлдэгддэг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах гэсэн шунахайн сэдэлтээр, гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож, хохирол, хор уршгийг зориуд хүсэж бий болгосон шинжтэй байдаг. Түүнчлэн гэмт этгээд аливаа хүч хэрэглэхгүйгээр, зөвхөн ил аргаар хохирогчоос эд хөрөнгийг салган авч, эд зүйлийг өөртөө үлдээх зорилгоор тэр дариудаа зугтан зайлсхийх зэрэг нийтлэг аргаар үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгчийн үйлдэлд хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар авах, мөн хохирогч О-ийн эд хөрөнгөд санаатайгаар хохирол учруулах гэмт санаа анхнаасаа агуулагдаагүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч нарыг бүжгийн талбай руу гаргах, бүжиглэх зорилготойгоор гар утсыг нь авсан, улмаар согтуурсантай холбоотойгоор болгоомжгүйгээр нэг хохирогчийн гар утсыг тухайн үедээ алга болгосон байна. Тиймээс шүүгдэгч О-ийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж буюу гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдоогүй гэж дүгнэн цагаатгаж, хохирогч нь хохирлоо иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/85034?daterange=2023-01-01%20-%202023-03-12&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар