ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ЯЛЛАГДСАН ЖОЛООЧИЙГ ЦАГААТГАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 189 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022.09.29  

Тоймын дугаар, огноо:  2022/ШЦТ/1209

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой болно.

Агуулга: Шүүгдэгч М-ийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В нь “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Магнай трейд шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад тээврийн хэрэгслийн хурдны хайрцагт эвдрэл гарсны улмаас зайлшгүй зогсолт хийх болж тэрээр тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн баруун гар талын шороон хөвөөг шахаж зогсоожээ. Түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь хүнд даацынх бөгөөд ачаатай, харин зорчих хэсгийн хажуу хөвөө нь далантай байсан учир тэрээр тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргах боломжгүй байв. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр 04 цагийн үед тус замаар Улаанбаатар хот руу зорчиж байсан жолооч В нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин хэт ядарсан үедээ “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа жолоодлого алдан замын хажуу руу шахаж байрлуулсан байсан “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас жолооч В-ын өөрийнх нь амь нас хохирсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон болно.

Амь насаа алдсан жолооч В нь олон хоног жолоо барьсан, хэт ядарсан байсан, мөн хэрэг гарахаас өмнө жолооны ард үүрэглэж байсан болохыг уг жолоочийн эхнэр болон ач хүү нь гэрчлэн мэдүүлсэн байдаг. Түүнчлэн, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч болон гэрэл зургаас “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс замын хажуу руу чиглэсэн байдалтайгаар том оврын тээврийн хэрэгслийн араас мөргөсөн болох нь тогтоогдсон тул тус тээврийн хэрэгслийн жолооч В-г жолоодлого алдсан хэмээн шүүх үзэв.

Шүүгдэгч М-ийн хувьд энэ хэрэг явдал гарах үед өөрийн жолоодож явсан том оврын тээврийн хэрэгслийн бүхээгт унтаж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн хурдны хайрцаг нь гацсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болон зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх боломжгүй байжээ.

Мэтгэлцээний талууд амь хохирогч В-г хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохыг хэн алин нь үгүйсгээгүй.

Шүүгдэгч М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөн бол түүний үйлдэл амь хохирогч В-ийн үхэлтэй шалтгаант холбоотой, гэхдээ хууль зүйн хувьд уг заалтын үүрэг нь хэзээ, ямар нөхцөлд үүсэх вэ гэдгийг хэм хэмжээний бүтцээр задлан дүгнэх шаардлагатай гэж үзсэн.

Прокуророос шүүгдэгч М-г “...зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн үүргээ биелүүлээгүй тул гэм буруутай гэж ялласан боловч уг заалтын урьдач нөхцөл болох “хориглосон газарт” гэсэн нөхцөлийг огт тооцож үзээгүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Гэтэл энэ заалтын тухайн газрыг нэн даруй чөлөөлөх үүрэг нь зөвхөн хориглосон газарт хамаарах юм.

Дээрх заалтын урьдач нөхцөл болсон “хориглосон газар” гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д заасан түр зогсохыг хориглосон, мөн дүрмийн 14.9-т заасан удаан зогсохыг хориглосон газруудыг хамааруулан ойлгох ба шүүгдэгч М-н тээврийн хэрэгслээ замын хажуу руу шахаж зогсоосон байсан тухайн газар нь түр болон удаан зогсохыг хориглосон газрын алинд нь ч хамаарахгүй байв.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М-г цагаатгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин шүүгдэгч М нь яллагдагчаар татагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас болж өөрт учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлоо оршин суугаа газрынхаа иргэний шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/81438?daterange=2022-01-01%20-%202023-03-01&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа