ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД БИЕ БИЕДЭЭ ГЭМТЭЛ УЧРУУЛБАЛ ЯЛ ХҮНДРҮҮЛЭХ НӨХЦӨЛ БОЛНО
2023-10-05 Админ Хандсан тоо: 202 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх   2023.03.28 ШЦТ/377

Тоймын дугаар, огноо: 08

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Эхнэр, нөхөр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар харилцан зодолдож, нөхөр нь эхнэрээ “гэрээс гаргахгүй байна гэх” шалтгаанаар таягаараа гар, хөл, толгой руу нь цохих үед эхнэр нь уурлаад хутгаар түүний зүүн дал хэсэгт хутгалж, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Хэргийн үйл баримтуудаар шүүгдэгч Ц, Г нарыг харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, мөн эхнэр Ц-н хувьд хөдөлмөрийн чадвар алдагдалтай нөхрийнхөө эрүүл мэндийн эсрэг халдаж хутгаар зүсэж байгаа үйлдлийг нь “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” гэсэн давхар хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Ял шийтгэлийн хувьд: 450,000-2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл зорчих эрх хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа: нөхөр Г-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун  мянган) төгрөгөөр торгох ял шийтгэл хүлээлгэж,

Харин үйлдсэн гэмт хэргийн шинж, хутга хэрэглэж хохирогчийн биед халдсан нөхцөл байдал, хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөртөө дүгнэлт хийхгүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Ц-г 3 сарын хугацаагаар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх ял шийтгэсэн.

Дээрх ялыг шүүгдэгч нар биелүүлээгүй тохиолдолд Г-ийн торгох ялаас биелэгдээгүй торгуулийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Ц-ийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуультай болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/86687?daterange=2023-01-01%20-%202023-04-25&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа