ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭХНЭРЭЭ 3 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ УДАА ЗОДОХ БОЛОН БУСАД БАЙДЛААР ДОГШИН АВИРЛАХ, ТАРЧЛААХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО
2023-10-05 Админ Хандсан тоо: 183 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Тоймын дугаар, огноо: 2022.06.28/ШЦТ/816
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Агуулга: Прокуророос Ж-ийн үйлдсэн хамтран амьдрагчаа байнга зодсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгч Ж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчлүүд удаа дараа давтагдаж, байнга үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-т шилжүүлэн тооцох үндэслэл, шинж, үйл баримт бүрэн хангагдсан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж болох тухайн нэг төрлийн үйлдлийн заримд нь захиргааны шийтгэл хүлээсэн эсэхээс үл хамаарч “байнга” үйлдсэн гэж үзэх буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцдог.
Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцогдох үйлдлүүд ”байнга” давтагдсан гэж үзэхэд тухайн үйлдлүүд хооронд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд тусгайлан заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх шаардлага хууль ёсоор тавигдах ба харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцох шинж, үндэслэлийг бүрэн хангасан хамгийн сүүлчийн үйлдэл төгссөн үеэс Эрүүгийн хуулиар тогтоосон тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчилнэ.
Гэмт хэрэг ба зөрчил нь илтэд ялгаа заагтай хууль зүйн ойлголтууд тул зөрчилд захиргааны шийтгэл хүлээсэн байх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зохицуулалтын утга агуулгад огт хамааралгүй, тусдаа ойлголт болно.
Тодруулбал, “нэг гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлнэ” гэдэг нь гагцхүү Эрүүгийн хуулиар хуульчлан тогтоосон гэмт хэргийн хүрээ хязгаарт хамааралтай ба шүүхээс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд нэгэнт ял оногдуулсан“ л бол тус хэргийнх нь төлөө дахин ял оногдуулахгүй, мөн түүнд шүүхээс нэгэнт оногдуулсан ялыг дахин хянаж хүндрүүлэн ял оногдуулахгүй, ял хүндрүүлэх үндэслэл, утга агуулгаар өмнө ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож дахин шалгуулахгүй байх утга агуулгыг илэрхийлсэн ойлголт гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/86933?daterange=2022-01-01%20-%202023-06-06&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.ГАНБААТАР