ХОВОР АМЬТНЫ ЭД ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАН АВСАН, ХАДГАЛСАН, ТЭЭВЭРЛЭСЭН БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ, ҮНИЙГ 2 ДАХИН НУГАЛЖ ТӨЛНӨ
2023-10-05 Админ Хандсан тоо: 193 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023/ШЦТ/588

Тоймын дугаар, огноо: 2023.06.22

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно

Агуулга: Шүүгдэгч Т нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад багтсан алтайн хойлог шувууны 1 ширхэг бодгалийг худалдан авч, Ховд аймгийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хадгалж,  улмаар бусдын тээврийн хэрэгслээр Ховд аймгаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн авч явсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Алтайн хойлог шувуу нь ховор амьтанд тооцогддог тул Т-г тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа харьяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Т-ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас төрд мөнгөн дүнгээр 130,000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны "Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох" тухай 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоогдож байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан тул уг хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 260,000 төгрөг болсныг шүүгдэгч Т мөрдөн байцаалтын шатанд  Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд бүрэн төлж барагдуулсан нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/88828?daterange=2023-01-01%20-%202023-06-21&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг