ШҮҮХЭЭС ТОГТООСОН 4 ЖИЛ 5 ХОНОГИЙН ХУГАЦААНД “... АРХИ УУВАЛ” ХОРИХ ЯЛЫГ БИЕЧЛЭН ЭДЭЛНЭ
2023-10-05 Админ Хандсан тоо: 187 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/528      

Тоймын дугаар, огноо:  №2 2022.08.01

Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр 

Санамж:   Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Агуулга: Шүүгдэгч Бат нь 1998 оноос 2017 оны хооронд нийт 5 удаа шүүхээр ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байжээ.

Тэрээр хорих ялаас суллагдсаны дараа дахин “хулгайлах”, “дээрэмдэх” гэмт хэргүүд үйлдсэн нь түүний 6 дахь удаагаа шүүхээр ял шийтгүүлж байгаа явдал байв.

Гэвч шүүх шүүгдэгч Батад оногдуулсан 4 жил 5 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солив. Учир нь, түүний үйлдсэн гэмт хэргүүд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байсан болно.

Бат урьд өмнө шүүхээр ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байхдаа Өршөөлийн хуульд огт хамрагдаж байгаагүй нь энэ удаад түүнд уг хуулийн зохих заалтыг хэрэглэх үндсэн нөхцөл болов.

Харин шүүх шүүгдэгч Батад дүйцүүлэн сольсон 4 жил 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас гадна нэр бүхий хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж, оршин суух хаягаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

Өршөөлийн хуульд хамрагдаж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн Бат нь шүүхээс өгсөн дээрх үүргийн аль нэгийг биелүүлээгүй буюу ядаж л “архи уусан” тохиолдолд 4 жил 5 хоногийн хорих ялыг биечлэн эдлэх юм.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://shuukh.mn/single_case/76251?daterange=2022-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=2&bb=1&fbclid=IwAR2boufFcwIbCC6LSNVnj4rRAMA1_WvM-17YqRvOdtp1PAtxdeTIQr9I6NQ 

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.ЖАНЧИВНЯМБУУ