ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЯВГАН ЗОРЧИГЧИЙН БУРУУГААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРЧ, ЖОЛООЧ ЦАГААТГАГДАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 257 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/500
Тоймын дугаар, огноо: №1 2022.08.01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Агуулга: Иргэн Э.Мөнх нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Б-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учруулсан байна.
Прокуророос шүүгдэгч /жолооч/ Э.Мөнхийг “ ... тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй, ... харанхуй, үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд хол, ойрын гэрлээ тохируулж яваагүй, ... тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй” гэж буруутгасан байдаг.
Шинжээчийн дүгнэлтээс үзвэл “... хохирогч /явган зорчигч/ Б нь Замын хөдөлгөөний дүрмийн “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.”,
“... шүүгдэгч /жолооч/ Э.Мөнхийн жолоодож явсан 00-00 УАА улсын дугаартай автомашины хол, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын үндсэн шалтгаан болохгүй бөгөөд осолд нөлөөлсөн байх магадлалтай.” гэжээ.
Түүнчлэн тухайн үед явган зорчигч Б нь 2.91%-ийн согтолттой байсан, жолооч Э.Мөнх 0.00% буюу согтууруулах ундаа хэрэглээгүй байснаас гадна тэрээр тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсаныг дурдах нь зүйтэй.
Шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь явган зорчигчийн буруутай үйлдэл гэж, харин жолооч Э.Мөнхийн тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрлийн тусгал стандарт шаардлагад нийцээгүй гэх байдал нь жолоочид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл биш гэж дүгнээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч Э.Мөнхийг цагаатгаж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/76250?daterange=2022-01-01%20-%202022-08-01&id=1&court_cat=2&bb=1&fbclid=IwAR1tylpAuY-_s6dMl9DPgGlNqJfxI8LVs9sXxiyz24uYHYFdShYmUkLPGe0
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.ЖАНЧИВНЯМБУУ