ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХАГАЛГАА ХИЙСЭН ЭМЧ ӨВЧТӨНӨӨС МӨНГӨ АВСАН ҮЙЛДЭЛД ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 197 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/698
Тоймын дугаар, огноо: №5 2022.09.16
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Агуулга: Иргэн Мөнх нь 2018 оны 5 дугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500.000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан. Мөн 2 жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох Ганаад дахин 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эмч Ганаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ганаа нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд тус тус заасан “үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах..., мөн “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ганааг гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/79119?daterange=2022-01-01%20-%202022-09-22&id=1&court_cat=2&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү