ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙГ БАЙНГЫН АЙДАС, ДАРАМТ, ХҮЧИРХИЙЛЭЛД БАЙЛГАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ БОЛНО
2023-10-05 Админ Хандсан тоо: 201 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/761

Тоймын дугаар, огноо:  №2 2022.10.25 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Цэдэв нь 69 настай, эхнэр Энхээ /65 настай/, хүү болон зээ охины хамт амьдардаг, өөрийн эхнэр Энхээгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Энхээ нь өөрийн нөхөр Цэдэвийг “… 2022 оны 5 дугаар сард “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хувцасны индүүний залгуураар ороолгон биед нь халдсан” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Цэдэвийн эхнэр, хүү, зээ охин нар нь өдөр бүр айдас дунд амьдардаг, Цэдэвийн гаргаж буй хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь өдөр тутмын давтамжтай харгис хэрцгий, догшин, эхнэр Энхээгийн биед халддаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь зөрчдөг болох нь тогтоогдсон, “… Цэдэвийн энэ үйлдэл сүүлийн 30 жил үргэлжилж байна” гэж хохирогч, гэрч нар мэдүүлсэн байна.

Түүнчлэн, Цэдэв өмнө нь 2022 онд 3 удаа шүүхийн шийтгэврээр баривчлах арга хэмжээ авагдсан, 5 удаа зөрчлийн арга хэмжээ буюу торгуулийн арга хэмжээ авагдаж байсан, энэ удаад эхнэр Энхээг хувцасны индүүний залгуураар ороолгон түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч “гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хийгээгүй, өмнө нь гаргасан үйлдлүүд дээрээ хуулийн хариуцлагаа нэгэнт хүлээсэн, гэм буруугүй”  гэж маргав.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, шүүгдэгч Цэдэвийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”, түүнчлэн, хүчирхийллийн шинжтэй, харгис догшин өдөр тутмын байнгын үйлдлүүдэд нь дүгнэлт хийж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс, шүүгдэгч Цэдэвийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт нь 1 жил 6 сарын хорих ял, хохирогч Энхээгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоов.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг