ПРОКУРОРООС ИРҮҮЛСЭН ЯЛЫН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ, 1,000,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛ ШИЙТГЭВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 275 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2022 / ШЦТ/838 

Тоймын дугаар, огноо: №8  2022.11.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Агуулга: Иргэн Энх нь ...ХХК-ны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа ...Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 4.124.841.818.18 /дөрвөн тэрбум, нэг зуун хорин дөрвөн сая, найман зуун дөчин нэгэн мянга, найман зуун арван найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 68 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос иргэн Энхийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүгдэгч Энх нь 4.124.841.818.18 /дөрвөн тэрбум, нэг зуун хорин дөрвөн сая, найман зуун дөчин нэгэн мянга, найман зуун арван найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь аудитын дүгнэлт, Татварын хяналт шалгалтын улсын байцаагч нарын дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлөхөөс зайлсхийсэн татвар болох 412.484.181 /дөрвөн зуун арван хоёр сая дөрвөн зуун наян дөрвөн мянга, нэг зуун наян нэгэн/ төгрөгийн татварыг улсын орлогод төлж барагдуулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар хуульчилсан байдаг. 

Иймд, шүүгдэгч Энхийг их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутайд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорын гаргасан ялын саналыг шүүх хүлээн авч, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Отгонбаяр