ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ЗАВШСАН ИРГЭНИЙГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, ГЭМ БУРУУГҮЙ ИРГЭНИЙГ НЬ ЦАГААТГАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 195 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоол.
Тоймын дугаар, огноо: №1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч “М”-ыг “ЦЦЦ” ХХК-н захирлаар ажиллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан компанийн эд хөрөнгө болох 3,004,896,203 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн шүүгдэгч “М”-ыг “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас олж авсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор банкны барьцаалбарт шилжүүлж, “Мөнгө угаах” гэмт хэргийг шүүгдэгч “Б”-тэй бүлэглэж үйлдсэн гэж эрүүгийн ... дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байдаг.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч “М”-ын үйлдсэн “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байх тул тухайн гэмт үйлдэлд нь түүнийг 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүх торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгчийн бусдад төлөх хохирлын хэмжээг 872,000,000 төгрөг гэж тооцоолсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирлын нийт хэмжээ 758,837,854 төгрөг болж байх тул энэ мөнгийг шүүгдэгч “М”-ээс гаргуулж хохирогч “ЦЦЦ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Харин шүүгдэгч “М”, шүүгдэгч “Б” нар бүлэглэж “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, тухайлбал гэмт хэрэг үйлдсэний улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилгоор хууль бус эх үүсвэрийг өөрчилсөн, бодит шинж чанар, байршил зэргийг нуун далдалсан гэх шинжийг агуулаагүй, түүнчлэн улсын яллагчаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч “Б”-г цагаатгав.
Хавтаст хэрэгт авагдсан байдаг “Хамтран ажиллах гэрээ”, “Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ”, “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл болон хохирогч “ЦЦЦ” ХХК-н өмчлөлийн талаарх маргаан нь прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн энэ хэргийн үйл баримтад хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)
Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ