СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНЫ УЛМААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГАРГАЖ, ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООСОН ХҮНД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ
2023-10-05 Админ Хандсан тоо: 182 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоол

Тоймын дугаар, огноо: №2023/02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Н нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Н-ийг “согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг “...согтууруулах ундаа... хэрэглэсэн,...үедээ жолоодох”, мөн дүрмийн 16.3 дахь заалт “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т тус тус заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ...” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргах шалтгаан болсон байна.

Шүүхээс Н-ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

Тоймыг бэлтгэсэн: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав