НҮЦГЭН ЗУРГИЙГ НЬ ФЭЙСБҮҮК ДЭЭР ТАВИНА ГЭЖ БУСДЫГ СҮРДҮҮЛЖ, МӨНГӨ АВСАН ХҮНД ОНОГДУУЛСАН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
2023-10-04 Админ Хандсан тоо: 213 Хуваалцах

Тоймын төрөл:  Шийдвэрийн тойм

Шийдвэрийн дугаар: 2022 оны 4 сарын 14 өдөр 396 

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон 

2022.09.05 шийдвэр-хураангуй 3

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Агуулга: Иргэн Энэрэл нь мөнгө авах зорилгоор, иргэн Н-ийг “… намайг хүчиндсэн  гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, цагдаа тан руу ярина өөрөө очиж уулзаарай“, “… та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна”, “… таны нүцгэн шалдан зураг байгаа фейсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр сүрдүүлж, түүнээс 5.550.000 төгрөгийг шилжүүлэн авчээ.  

Прокуророос Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 Эрүүгийн хуульд зааснаар, бусдын эд хөрөнгийг авахын тулд  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлснийг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүхээс Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахын тулд  эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн  хорих ял оногдуулж, Иргэний хуульд зааснаар төлөгдөөгүй үлдсэн 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Энэрэлийн гаргасан “… хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шүүхээс Энэрэлд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн арга, сэдэлт, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, өмнө нь ял шийтгүүлж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжлийг олоогүй зэрэг хувийн байдалд тохирсон гэж үзэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэв.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү: https://shuukh.mn/single_case/14258?daterange=2022-01-01%20-%202022-09-16&id=2&court_cat=2&bb=1 линкээр танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө