ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
“ӨВС” ГЭХ НЭРШИЛТЭЙ МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ АВТОМАШИНД ХАДГАЛСАН ХҮНД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖ, АВТОМАШИНЫ ҮНИЙГ ГАРГУУЛЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ
2023-10-04 Админ Хандсан тоо: 245 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шийдвэрийн дугаар: 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 537
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
2022.10.12 шийдвэр-хураангуй 5
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Агуулга: Иргэн Болд нь 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос: Болдыг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх: Болдыг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуульд “ ... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” хэмээн хөрөнгө, орлогыг хурааж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тусгасан ба тухайн зүйл хэсгийг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүх тайлбартаа “... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн болон ...бусад хэрэгслийг тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан эсэхийг үл харгалзан эд хөрөнгө хураах ялаас гадуур ... заавал хураана... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, техник болон бусад хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг үнэ, төлбөргүйгээр улсын орлого болгох ... мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зөөж, тээвэрлэж буйгаа мэдээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийн тээврийн хэрэгслийг хурааж болохгүй... өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, төрийн өмчид хураан авах боломжийг хангах арга хэмжээ авна... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн болон бусад хэрэгслийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, зохих журмын дагуу битүүмжилсэн, эсхүл хураан авсан байвал зохино. Хэмээн тайлбарласан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх байсан тул мөрдөн байцаалтын шатанд үнэлүүлсэн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.951.717 төгрөгийг Болдоос гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Болдын зүгээс “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулгатай гомдол гаргаснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Учир нь, Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Болдод 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Дэлгэрэнгүйтэй shuukh.mn линкээр танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг