ХҮНИЙ НҮҮРЭН ТУС ГАЗАРТ НЭГ УДАА ЦОХИЖ, АМЬ НАСЫГ НЬ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ БУСДЫГ САНААТАЙ АЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГЭЖ ҮЗЭВ
2023-10-04 Админ Хандсан тоо: 188 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм 

Шийдвэрийн дугаар: 2022 оны 9 сарын 20-ны өдрийн 921

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2022.10.13 шийдвэр-хураангуй: Дугаар 6

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Агуулга: Иргэн Пүрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд автомашин жолоодож явсан А-тай маргаж, А нь “замаас холдооч” хэмээн шаардлага тавихад , Пүрэв нь “машинаараа дайрах шахлаа” гэж маргалдан, улмаар А-г  машинаасаа бууж ирэхэд нь түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисноос  А унаж, газар дээрээ нас барсан байна.

Прокуророос яллагдагч Пүрэвийг “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж,  яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, яллагдагч Пүрэв нь урьд хүний бие махбодод халдаж гурван удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс Пүрэвийг “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Пүрэвийн өмгөөлөгчийн гаргасан “...10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээс түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв, Пүрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн, урьд  хүний бие махбодод халдаж, ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй зэрэг хувийн байдалд нь тохирсон гэж дүгнэж, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Пүрэвийн санаатайгаар цохисон үйлдлийн улмаас амь хохирогч тархиндаа гэмтэл авч амь нас нь хохирсон тул түүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн   хангасан хэмээн  шүүх дүгнэсэн байна.

Дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn холбоосоор танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч