ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙНХ НЬ ХАМТ ШИЙДВЭРЛЭЭГҮЙ Ч ДАРАА НЬ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХЭЭР ЖИЧ НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ БОЛОХЫГ ЗААВ
2023-10-04 Админ Хандсан тоо: 204 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шийдвэрийн дугаар: 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №938
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
2023.1.25 шийдвэр-тойм №2
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Агуулга: Иргэн А.Болд нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Доржтой 00-00 УУУ улсын дугаартай “Соната 6” загварын тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан өөртөө шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулсан атлаа төлбөрийг төлөлгүй, Б.Доржийг хуурч, бодид байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх А.Болдыг бодит байдлыг нуух замаар бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэжээ.
Ингэхдээ анхан шатны шүүх хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;” мөн хэсгийн 1.9-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах...” зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан байх бөгөөд хохирогчийн шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг орхигдуулжээ.
Хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул хохирогч Б.Дорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч А.Болдоос нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг зааж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/15781?daterange=2022-01-01%20-%202023-01-24&id=2&court_cat=2&bb=1 линкээр танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг