Э.ОДБАЯР, Ц.ЧИНБАТ, Л.ГАНХӨЛӨГ, Б.БИЛГҮҮН, Б.БЯМБАГЭРЭЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ТОЙМ
2023-10-04 Админ Хандсан тоо: 177 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шийдвэрийн дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр №142 

Шийдвэрийн төлөв: 2023.01.31 шийдвэр-тойм №3

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Агуулга: Э.Одбаяр нь өөрийн ашигладаг фейсбүүк цахим сүлжээний “Odbayar Demos.mn /зон/” нэртэй пэйж хаягт 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03 цаг 16 минутад, твиттер цахим сүлжээний “Odbayar Demos.mn /зон/” нэртэй хуудсанд 2021 оны 7 дугаар сарын 31-ний 03 цаг 05 минутад “...Иргэн Э.С-г санаатайгаар дайрч, тусламж үзүүлэлгүй хэргийн газраас зугтжээ. МАН-ын гишүүн М.Б /ЕС-ын хүн/ хамаарал бүхий этгээд тус хэргийг үйлджээ...” гэсэн илт худал мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, иргэн М.Бас-Эрдэнэ нарын зурагтай хамт нийтэлж тэдний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтэд тараасан гэмт хэрэгт, 

Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Б.Бямбагэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн шалган нэвтрүүлэх хэсэгт иргэн Д.Монголхүүг шалган нэвтрүүлэх хэсгийн сканер хаалгаар хүчээр түлхэн гарч авч яван шүүгдэгч хууль сахиулагчдын хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна. 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Одбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолоор:

Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон,

Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусын оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн. 

Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Одбаяр, Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, шүүгдэгч Э.Одбаярын өмгөөлөгч Б.Мэргэн, шүүгдэгч Ц.Чинбатын өмгөөлөгч Э.Хашчулуун, Г.Байгалмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.Билгүүний өмгөөлөгч Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Бямбагэрэлийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн, 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Э.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/835 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар